2015 оны үйл ажиллагааны тайлан

2015 онд Монгол улсад томилолтоор ажиллах үедээ хийсэн ажлын тайлан

1.   Томилолтоор ажилласан:

Томас Бауман, Раоул Шмид, Кориннэ Видэр, Рэто Гамбон: 2015.05.23– 2015.06.06-нд,

Штэфан Эссиг: 2015.05.23 – 2015.05.30-нд

Зочид: Харри Клима ба Паскал Гэрхард: 2015.05.23 – 2015.06.06-нд

2.    Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) – Эхний долоо хоног

Сүүлийн хэдэн жилүүдэд төрөх эмнэлгийн эмч нарын багийнхны хувьд нэлээд их өөрчлөлт гарсан юм. Швейцарь-Монголын хүүхдийн төслийн сургалтад урьд нь хамрагдаж байсан эмч нарын дийлэнх нь ажлаа өгсөн нь ихэнх эмч нар илүү цалинтай хувийн эмнэлгүүдэд очсон буюу аж үйлдвэрийн салбар луу орсонтой холбоотой. Энэ нөхцөл байдал зөвхөн төсөл хэрэгжүүлж буй бидэнд бус монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг илтгэж байна. Бидний зүгээс энэ тал дээр санаа зовниж буйгаа Эрүүл мэнд, спортын яаманд илэрхийлсэн билээ.  
Монголын мэргэжилтэн багийнхан зарим эмч нарыг шинээр сургасан боловч дадлага сайн  хийлгэн, онолын үндсэн мэдлэг олгох ажлыг орхигдуулсан байсныг бид олж мэдсэн юм. Бид тэдгээр эмч нарт суурь мэдлэг олгох “Эрчимжүүлсэн сургалт”-ынхаа хүрээнд аваагүй байсан онолын талын мэдээллийг нь нөхөн олгосон юм. Мөн сургалтын үеэр тэдгээр эмч нарт өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх дадлагын хэсэг орж, ажлын байранд нь заавар зөвлөгөө өгсөн юм. Ингэснээр түр хугацаанд ашиглагдахгүй байсан зарим дүрс оношлогооны програмыг дахин нэвтрүүлэх боломж бүрдсэн юм. 

3.    Улаанбаатар хотын 1-3-р төрөх эмнэлгүүд (Эхний долоо хоног)

Бүх эмнэлгүүдээр явж, ажилтай нь танилцан, тоног төхөөрөмж, материалуудыг бүрэн бүтэн болон бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгасан юм. Мөн түнхний үений хэт авиан оношлогооны аппарат дээр ажиллах заавар зөвлөгөө өглөө.

1, 2-р төрөх эмнэлгүүдэд ажиллах явцад сэтгэгдэл өндөр байсан бөгөөд ганц нэг жижиг сажиг тохиргооны ажил л хийх шаардлагатай байсан юм. Харамсалтай нь 1-р төрөх эмнэлгийн нэг хэт авиан аппаратны програм бүрэн ажиллахгүй болж, төхөөрөмжийн хатуу диск нь дүүрч, зураг хадгалах боломжгүй болсон байсан юм. Тус эмнэлэг тохиролцсон ёсоор ажиллаагүй нь илт байсан бөгөөд мэргэжлийн бус нэг хувийн компаниар төхөөрөмжийг засуулахаар шийдвэрлэсэн байв. Бидний зүгээс хохирол гаргахгүй, аль болох хурдан арга хэмжээ авна гэж найдаж байгаа юм. Тийм учраас Тулгааг 1-р эмнэлэгт тогтмол очиж, хяналт тавьж байхыг хариуцуулав.

4.    Улаанбаатар хотын бусад эмнэлгүүд (Эхний долоо хоног)

Өнгөрөгч онуудад Улаанбаатар хотын захын дүүргүүдийн хоёр төрөх эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангаж, эмч нарыг нь сургасан юм. Эдгээр эмнэлгүүдийн нэгэнд нь манай эмч нарын төлөөлөл очиж танилцсан юм. Бидний очсон эмнэлэг өгсөн заавар зөвлөгөөний дагуу аппаратыг ашиглаж байлаа.

5.    ЭХЭМҮТ дээр хийсэн давтан сургалт

Улаанбаатар хотын бүх эмнэлгүүдийн хорь гаруй эмч нарт гурван хагас өдрийн турш давтан сургалт явуулж, онол дадлага хосолсон мэдлэг олгов.

6.    Түнхний үений хэт авиан оношлогооны аппарат

Төслийн багийнхан тэр дундаа Штэфан болон Тулгаа нар түнхний үений хэт авиан оношлогооны аппараттай холбоотой асуудлуудыг танилцуулж, очсон бүх эмнэлгүүдийн тоног төхөөрөмжүүдийг шалгаж, програмуудыг нь шинэчилсэн юм. Оношлогооны зургийн чанарыг баталгаажуулж, мэдээллийг нэг дор төвлөрүүлэхэд зориулсан интернэт хэрэгслүүдийн ач холбогдлыг таниулж, эдгээрийг зайлшгүй ашиглах ёстойг холбогдох эмч нар, эмнэлгийн удирдлагууд болон хариуцсан байгууллагуудад удаа дараа сануулж хэлэв. Оношлогоо хийж буй эмч, мэргэжилтнүүд болон зөвлөхүүдийн статус, түүнчлэн дутуу ажиллаж байгаа төхөөрөмжүүдтэй холбоотой бусад үл ойлголцох зүйлүүдийг тодорхой болгов. Хэт авиан оношлогооны аппарат дээр ажиллах нь Швейцарь-Монголын хүүхдийн төслийн сургалт бүрийн нэг хэсэг юм.

7. 2015.05.26-нд ЭХЭМҮТ дээр хийсэн хэт авиан оношлогоо ба рентген зураг авалтын семинар

Хүүхдийн рентген оношлогооны тасгийн урилгаар зургаан цагийн турш сургалт явуулав. Манай багийнхан болон тус тасгийнхны тавьсан илтгэлүүд нь түнхний үений дутуу хөгжил (хэт авиан оношлогоо, рентген зураг, эмчилгээ)-өөс гадна рентген, хөдөлгөөний тогтолцоонд үзлэг хийх, хэвлий ба цээжний хөндийн эрхтний хэт авиан оношлогоо, рентген оношлогоо зэрэг сэдвийг хөндсөн юм. Харамсалтай нь илтгэлүүд монгол хэл дээр явагдсан бөгөөд орчуулгагүй байсан юм.

8.    Баяр тэмдэглэв

ЭХЭМҮТдээр хэт авиан оношлогоо хийж эхэлсний таван жилийн ойн баярт урьд эмчлүүлсэн болоод эрүүл саруул болсон хүүхдүүдийн эцэг эхчүүд, эмч нар, хэвлэл мэдээллийнхэн болон байгууллагын төлөөлөгчид урилгаар оролцов. Баярт үйл явдал хүүхдүүдийн дуу, бүжгийн үзүүлбэр болон эцэг эхчүүдийн талархлын үгээр ёслол төгөлдөр болов. Бидэнд монгол үндэсний хувцас бэлэглэсэн ба тайзан дээр дуулах үүрэг оногдов.

Тус арга хэмжээний талаарх мэдээллийг тухайн өдөр нь монгол телевизийн мэдээний албаныхан дамжуулсан юм.

9.  ЭХЭМҮТ дээр хийсэн ортопедийн эмчилгээ (Харри, Паскал)

2015 оны 5-р сарын 24-ний бүтэн сайн өдөр ирснийхээ дараа буюу Даваа гаригт бид хоёр (Харри, Паскал) бүтэн өдрийн турш уулзалт хийн 30 гаруй хүүхдэд хэт авиан оношлогоо болон зарим хүүхдийн рентген зургийг авч, ямар эмчилгээ хийх шаардлагатайг шийдвэрлэв. Түүнчлэн хоёр долоо хоногт хийх эмчилгээ болон мэс заслын төлөвлөгөө гаргав. Мөн эдгээр ажлуудаас гадна бага насны хүүхдийн түнхний үений рентген зураг авахтай холбоотойгоор рентгений тасагт зөвлөгөө өгч, сургалт явуулахаар шийдвэрлэв.

Мягмар гаригт бид хоёр эмч нарын зөвлөгөөний хурал болон мэргэжил дээшлүүлэх сургалтад илтгэл тавьж оролцов. Мягмар гаригийн үдээс хойш нь дараа өдөр нь хагалгаанд орох өвчтөнүүдтэйгээ мэс заслын өмнөх уулзалт хийж, мэс заслын хэд хэдэн татлага эмчилгээнүүдийг эхлүүлэв. Бид хүүхдийн мэс заслын эмч нарт татлага эмчилгээний аргын талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, эмчилгээний ялгаа болон хэрхэн хийгдэх талаар нарийн тайлбарлав.

Дараагийн найм хоногт нь бид хоёр дөрөв хүртэлх настай хүүхдүүдийн түнхний мултарсан үед хийгдэх мэс заслын хүндрэл, эмчилгээний уламжлалт аргуудыг тус эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч нарт зааж өгөв. Ж. Адъяасүрэн буюу Аагий болон В. Ганхуяг буюу Ганаа нар түнхний мултралын уламжлалт эмчилгээ болон мэс заслын аргыг судлах ихээхэн хүсэл сонирхол, урам зоригтой хүүхдийн мэс заслын эмч нар юм. Бидний ажлаас дараах үр дүн гарах ёстой байв. Үүнд: есөн хүүхдэд мэс засал хийн, түнхний мултралыг эмчилж, таван хүүхдийн түнхний үед бариа хийж, есөн хүүхдэд түнхний гипс суурилуулж, есөн хүүхдийн түнхний үеийг уртасгаж, гурван хүүхдэд татлага эмчилгээнүүдийг тус тус хийх явдал байв. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй гурваас таван өвчтэй хүүхдийн ортопедийн зурагтай өдөр бүр танилцан, шууд эмчилгээ хийж эхлэх эсвэл ямар ямчилгээ хийж болох талаар зөвлөгөө өгөв. Гэвч эмчилгээг бүрэн хийхэд мэс заслын хүчин чадал дутагдалтай байдаг. Хөлөнд гипс тавих ажлын хувьд бол өдөр бүр хийгддэг. 2015 оны 6-р сарын 1-нд мөн урьдчилан хийсэн мэс засалд хяналт тавив. Үйл ажиллагааны хөтөлбөрөөс гадна мэдээж өглөө, өдөр үзүүлэхээр ирж буй өвчтөнүүдэд хяналт тавьж, үзлэг хийх ажлууд бас хийгдэв.  

2015 оны 6-р сарын 2-нд хүүхдийн мэс заслын тасагт түнхний үений дутуу хөгжлийн талаарх хоёр цаг үргэлжлэх уламжлалт эмчилгээ болон мэс заслын талаарх мэргэжил дээшлүүлэх сургалт явуулав. Ади болон Ганаа эмч нарт сурсан зүйлээ шууд бие даан хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм. Эмчилгээний үе шатын талаар болон өөр асууж тодруулах зүйл байвал и-мэйлээр харилцаж хамтран ажиллахаар тохиролцов.  

10. Бусад уулзалтууд

ЭХЭМҮТ хүүхдийн мэс заслын тасгийнхантай холбогдож, туршлага солилцсон ба түүний дотор бөөрний тасгийн эмч нар болох Хэрман Виникэр, Маяа Хорст болон Сэми нар байсан бөгөөд тэдэнтэй хамт оройн хоол идэхээр тохиролцов. „Манай“ ортопедийн эмч нар чухал зөвлөгөө, мэдээлэл авсан юм.

Жеро Драк буюу Швейцарийн мэс заслын багийнхны удирдах зөвлөлийн гишүүнтэй мэдээлэл солилцох уулзалт хийв.

11. Төрийн байгууллагууд

2015 оны 5-р сарын 15-нд Томас болон Раоул нарыг Швейцарь улсаас Монгол улсад суугаа ерөнхий консул Маркус Валдфогел болон Монголын талын төлөөлөгч Заяа нар найрсгаар хүлээн авч уулзав. Бид консулын төлөөлөгчдөд хэрэгжүүлж буй төсөл болоод тавьсан зорилгоо танилцуулахыг зорьсон юм. Бидний Монгол улсын эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжин үйл ажиллагаанд зориулан Швейцариас илгээх материалуудыг хэрхэн амархан импортолж болох боломжуудын талаар хэлэлцсэн юм.

Мөн өдөр эрүүл мэндийн дэд сайдтай уулзсан юм. Сайдад яаралтай ажил гарсан тул ЭМСЯ-ны дэд сайд Др.Баяр биднийг (Томас, Раоул, Баялаг, ЭХЭМҮТ-ийн захирал Др.Энхтөр, ) найрсгаар хүлээн авч уулзав. Дэд сайд тулгарч буй асуудал болон хэрэгцээ шаардлага байгааг тодорхой дурьдсан төдийгүй санамж бичигт гарын үсэг зурах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Санамж бичгийн эхийг бид гаргасан ба 6-р сарын 5-нд маш хурдан, санамсаргүй байдлаар гарын үсэг зурсан юм.

Бид дээр дурьдсан зүйлүүдийг илүү хялбарчлан, ЭХЭМҮТ дээр “Нярайн скринингийн алба” байгуулах монголын төлөөлөгчдийн байр суурийг бэхжүүлж, ажил үүрэг болон хэн юу хариуцаж ажиллахыг тодорхой болгохоо амласан юм.

12. Даланзадгад хот буюу Өмнөговь аймагт ажлаар очиж, сургалт явуулсан нь

2015 оны 6-р сарын 1-нээс 6-р сарын 5-ны хооронд Томас, Раоул, Баялаг болон Сувдаа нарын төлөөлөл бүхий хүмүүс Өмнөговь аймгийн төвд очиж ажиллав. Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр болон сум дундын эмнэлгүүдийг хамарсан нийт 23 эмчид онол, дадлага хослуулсан анхны сургалтыг зохион байгуулав. Сургалтаар хэт авиан оношлогоонд тохируулж, хялбаршуулсан аргууд болох A, B, C, D-г заав. Түнхний үений хэт авиан оношлогооны аппаратны хэрэглээ нь зөвлөгөөний нэг хэсэг байв. Дээр дурьдсан аймгийн эмнэлгүүдэд аппаратуудыг аль хэдийн илгээсэн байсан бөгөөд аль болох ойрын хугацаанд хэт авиан оношлогооны аппаратаа хэрэглэж сурах шаардлагатай юм.

Сум дундын эмнэлгүүдийн төлөөлөгчид мөн сумдуудад түнхний үений оношлогооны аппараттай болох боломж байгаа эсэхийг асууж байсан юм.

Жилд ойролцоогоор 350 хүүхэд шинээр мэндэлдэг тэдгээр эмнэлгүүдийн хувьд 200 гаруй км явж байж аймгийн төвд ирж үзүүлнэ гэдэг нь бараг боломжгүй зүйл юм. Харамсалтай нь одоохондоо тэдний тавьсан хүсэлтийг шууд хүлээн авах боломжгүй тул хойш тавьлаа. Зөөврийн хэт авиан оношлогооны аппарат асуудлыг шийдэх магадлалтай бөгөөд энэ талаар Рето тодруулахаар болов.

13. Баруун аймгуудын сургалтыг Улаангом хотноо хийв

Кориннэ, Рето болон орчуулагч Тулгаа нар 6-р сарын 1-нээс 6-р сарын 5-ны хооронд Улаангом хотноо ажилласан бөгөөд баруун аймгуудын (Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий ба Завхан) нийт 13 эмч нарт анхан шатны сургалт болон давтан сургалтуудаа явуулж, онол, дадлага хосолсон мэдлэг олгов. Анхан шатны сургалтад 7, давтан сургалтад 6 эмч тус тус хамрагдав.   

Бидний зохион байгуулсан сургалтад бүр гурав дахь удаагаа оролцсон мэргэжлийн оролцогчид маань онол, дадлагын хувьд маш сайтар суралцсан болох нь илт байлаа.  Зөвхөн энэ аймгийн хувьд л гэхэд өнгөрсөн жил дангаараа 7000 гаруй үзлэг хийсэн байлаа. Үүнээс 360 гаруй эмчилгээ хийсэн бөгөөд 6 хүүхдийг ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн байв. Бүх эмч нарыг хялбаршуулсан шинэ ангиллын зураглалын дагуу сурган, түнхний үений хэт авиан оношлогооны аппаратан дээр Тулгаагийн заавар зөвлөгөөний дагуу ажиллаж, дадлага хийлгэснээр сурсан зүйлээ цаашид хэрэглэж чадаж юм байна гэсэн дүгнэлтэд бид хүрсэн билээ. 

Түүнчлэн тулгардаг асуудлуудын талаар ярилцаж, түнхний үед тохирох рентгений арга техникийн талаарх онол, дадлага хэсгийг мөн харуулсан юм. Ингэснээр орон нутгийн мэргэжилтнүүдийг хэт авиан оношлогооны аппарат хэрэглэж сургах бид бүхний мэдлэг түгээх зорилго маань баруун аймгуудад нэлээд сайн биелэлээ олж байгаа юм.

14. Баясгалант төв дээр очсон тэмдэглэл (вэб хуудас: www.bayasgalant.ch)

Нэлээд хэдэн жилийн өмнөөс төлөвлөж, ярилцсан ёсоор 2015 оны 6-р сарын 5-нд Томас болон Раоул нар Швейцарийн санхүүжилт, удирдлагатай 120 гаруй багаас дунд сургуулийн насны хүүхдүүдтэй өдөр өнжүүлэх төвөөр зочилсон юм. Хүүхдийн төвийг хариуцсан удирдагч Заяа герман хэлээр ус цас шиг ярьж байсан ба бидэнд төвийн байр болон өдөр тутмын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Биднийг маш олон аз жаргал, баяр хөөртэй хүүхдүүд угтсан билээ. Өөрийн гал тогоонд хийсэн ногоотой, будаатай цагаан хоолоор биднийг дайлав. Хүүхдийн төлөөх уг төсөл болон хэрэгжилт нь бидэнд ихээхэн таалагдав.

Тус төвийн майга хөлтэй нэг охинд бидний зүгээс бага ч гэсэн тусалж чадсан төдийгүй охинд манай ортопедийн эмч дүгнэлт гаргасан юм. Хүүхдийн төсөл гэдэг утгаараа бидний хэрэглэсэн дөрөөвчийг засч сайжруулах, цэвэрлэх тал дээр эсвэл хүүхдийн үзлэгийн тавиурыг бэлдэх (жишээлбэл: бүрээс оёх) ажлуудыг хийлгэж болох юм. Тус байгууллагын хувьд хүүхдүүдийн зарим нэг ажилгүй ээжүүдэд ажил олж өгөхөөр тогтмол хайж байдаг тухайгаа дурьдсан билээ. 

15. Mатериал

Бидний илгээсэн хэт авиан оношлогооны хоёр аппарат маань гаалийн байгууллагаар дамжиж хэдэн долоо хоног болсны эцэст хүлээн авагч болох Баялаг дээр ирэв. Эдгээр аппаратуудыг яаралтай байгаа газруудаас шалтгаалан хаана хувиарлахаа шийдвэрлэх юм.

Бидний авчирсан 150 гаруй дөрөөвчнөөс 100 ширхэг нь цоо шинэ байсан бөгөөд тэдгээрийг Отто Бок компани санхүүжүүлсэн юм. Дөрөөвчнөөс гадна бид нар мэс заслын хэрэгслүүд, боолт болон татлага эмчилгээний материалуудыг мөн тээшиндээ авчирснаар тээшний зөвшөөрсөн хэмжээг бүрэн ашигласан юм.

16. Вэб хуудас

Кориннэгийн удирдлаганд шинээр сайжруулан засварласан, хэрэглэхэд хялбар вэб хуудас маань өдөр тутмын блог хөтлөн оруулж хэрэглэснээр бүр ч илүү өнгө төрхтэй болсон юм.